Улсын Филармони нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн. Энэхүү зорилгын хүрээнд улс орон даяар хөгжмийн тайлбарт концертыг тогтмол зохион байгуулж, сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлийг үзэгч, сонсогчдод ойлгомжтой, сонирхолтой байдлаар таниулсаар ирсэн билээ.
2020 оноос Улсын Филармони үйл ажиллагааныхаа үндсэн чиг баримжааг “Хөгжмийг хүн бүрд” уриагаар нэгтгэн, энэхүү нэрийн дор хэрэгжүүлэх тайлбарт концертын хөтөлбөрүүдээ үе шаттайгаар шинэчилж эхэлсэн. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын нас сэтгэхүйн онцлог, боловсролын түвшин, сургалтын хөтөлбөртэй уялдуулан агуулга, хэлбэр, арга зүйгээ боловсронгуй болгож, хөгжмийн урлагийг ойлгомжтой, хүртээмжтэйгээр хүргэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
“Хөгжмийг хүн бүрд” тайлбарт концерт нь зөвхөн концертын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, урлагийн боловсрол, үзэгчийн соёлыг түгээн дэлгэрүүлэх томоохон төсөл болон өргөжиж байна. Тус төсөл нь оюутан, сурагчдын дунд өргөн танигдаж, хөгжмийн урлагийг танин мэдэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багш, эцэг эх, боловсролын байгууллагууд болон иргэд, олон нийтийн талархал, дэмжлэгийг хүлээсэн соён гэгээрүүлэх цогц хөтөлбөрийн суурь болон төлөвшжээ.
Төсөл нь зөвхөн хөгжмийн бүтээлийг сонсгохоос гадна тэдгээрийн түүхэн хөгжил, зохиол бүтээлийн онцлог, урлагийн үнэ цэн, үндэсний болон дэлхийн хөгжмийн өвийн талаарх мэдлэг олгож, залуу үеийг соёлын боловсролтой иргэн бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буй томоохон арга хэмжээ юм.
Цаашид Улсын Филармони нь “Хөгжмийг хүн бүрд” төслийн цар хүрээг улам тэлж, орон нутгийн иргэд, хөгжмийн боловсролын хүртээмж багатай бүс нутгийн хүүхэд, залуус, мөн бүх насны сонсогчдыг хамруулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн боловсрол, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэлэг агуулга, орчин үеийн арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар төслийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Улсын Филармонийн эрхэм зорилго, урт хугацааны хөгжлийн бодлогын чухал хэсэг хэвээр байх болно.