
Төрийн тэргүүн зэргийн Чингис Хаан одонт, Монгол Улсын Соёлын Элч Морин хуур найрал хөгжим
Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачилгаар 1992 онд байгуулагдсан. Морин хуур найрал хөгжим нь дэлхийн болон Монголын хөгжмийн зэмсгүүдэд тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд үндэсний урлагаа сурталчлан таниулж буй өвөрмөц дуугаралт, өнгө аястай найрал хөгжим юм. 1994 оны 05-р сарын 25-ны Монгол улсын засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.
Морин хуур найрал хөгжмийн бүтэц, бүрэлдэхүүн
Морин хуур найрал хөгжмийн удирдаачаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Д.Түвшинсайхан, Соёлын Тэргүүний Ажилтан Н.Жигжиддорж нар ажиллаж байгаа бөгөөд найрал хөгжмийн бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур, эвэр бүрээ), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор) хөгжмийн зэмсгүүд багтдаг.
Морин хуур найрал хөгжмийн бүрэлдэхүүнд “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, “Хулан” хамтлаг, Ятгын тавал, “Арга билэг” этно жазз хамтлагууд өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэн бүтээн туурвиж байна. Морин хуур найрал хөгжим мэргэжлийн дээд боловсролтой /бакалавр, магистр/ 40 гаруй уран бүтээлчдээс бүрддэг бөгөөд тэдний нэлээд нь олон улсын болон Монгол улсад зохиогддог мэргэжлийн хөгжимчдийн уралдаануудад амжилттай оролцож шагнал хүртсэн.
Урын сан
Морин хуур найрал хөгжмийн дуурьсгал, эгшиглэгээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелгээнээс бүжгэн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфониетта зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ, тайз дэлгэцийн болон баримтат, уран сайхны кино, теле кино, жүжгийн хөгжмийн бүтээлүүдийн урын сантай.
Морин хуур найрал хөгжмийн шагнал
2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, 1999 онд Ж.Бизе-Р.Щедрин-Н.Жанцанноров “Кармен” бүжгэн жүжгийн хөгжмөөр бүх урлагийн дээд “Гоо Марал” шагнал, 2010 онд Монголын урлагийг дэлхийд сурталчилсан шилдэг байгууллагаар “Гоо Марал” шагнал, 2004 онд ятгын дөрвөл ардын цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал, 2004 онд Зууны мэдээ сонины санал асуулгаар шалгарсан “Монголын Бахархал” өргөмжлөл, 2012 онд Өдрийн шуудан сонины санал асуулгаар шалгарсан “Дэлхий Монгол” өргөмжлөл, 2004 онд “Дэлхийн соёлын нээлттэй их наадам”-ын хөгжмийн төрөлд Гран-При шагнал /БНСУ/, 2009 онд Хулан хамтлаг Ritmie Danze Dal Mondo зэрэг олон шагнал хүртсэн. Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 оны Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулга хүртсэн билээ.
Аялан тоглолт
АНУ Нью Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, ОХУ-ын “Musicverien”, Швейцарын НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний Филармони, ОХУ-ын Москва хотын “Их театр”, БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporo Symphony Hall, Yokohama Cultural Center, NHK Hall, БНСУ-ын Үндэсний театр, Тайваны Чин ка Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, Хонг Конг-ын Hong Kong City hall, Sha Tin town city hall, БНСАУ, Сиднейн Дуурийн Театр, Австрийн Хааны Ордон зэрэг дэлхийн олон улсад 104 удаагийн аялан тоглолт хийсэн байна.
Цомог
“Best-1.2”, “Playing Love-1, 2”, Ардын дууны “Торгоны Хээ”, Улсын Филармонийн “Монгол Улсын Филармони” цомог, “Улсын Филармони” нэгдсэн дабль пянз, “Монгол Аялгуу” дабль пянз, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн 30 гаруй цомгийн хөгжмийг бичүүлж хэвлүүлсэн.